Стефани Бурри: Цаг зав гаргаж байгаад баярлалаа. Санаа бодол, туршлагын тань талаар ярилцахад тун таатай байна. Тэгэхээр найман жилийн өмнө ШХА-т ажиллаж эхэлсэн гэсэн, яагаад энд ажиллах болсон талаар эхний асуултаа эхэлье.
Ц.Тансагмаа: Намайг урьж, ярилцаж байгаад маш их баярлалаа. Ажлын замналаа эргэн харахад ШХА-т өнгөрүүлсэн хугацаа минь 2016 оноос хойш сайхан дурсамж, утга учиртай үйл явдлаар дүүрэн найман жилийг өнгөрөөсөн гайхалтай үе байна. Миний бие анх 2000 онд “MSM” компанид маркетингийн ажилтнаар анх ажлын гараагаа эхлүүлж байсан. Мерседес-Бензийн маркетингийн хэлтэст ажиллаж байсан юм. Хувийн хэвшилд гурван жил ажиллаад дараа нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-д 12 жил гаруйн хугацаанд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах менежерээр ажилласан. Түүний дараа, Японы Хүүхдийг Ивээх Санд ажиллаж, Хүүхдийн эрх, нөлөөллийн бүлэгт үүрэг гүйцэтгэж, УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулиудыг боловсруулж, батлуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар хувь нэмрээ оруулсандаа баяртай байсны зэрэгцээ би шинэ боломжийг эрэлхийлсэн. Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад нэр хүндтэй, тэргүүлэгч гол хандивлагчдын нэг байсан тул энд ажиллах нь нэр төрийн хэрэг байв. Энд ажиллахдаа Тогтвортой бичил уурхай төсөл дээр Мэдлэгийн төв, мэдээлэл харилцааны асуудлыг хариуцан дөрвөн жил ажиллаж улмаар ШХА-т Хэвлэл мэдээлэл, мэдээлэл харилцааны асуудлыг хариуцсан ажилтнаар өнөөг хүртэл ажиллаж байна. Уул уурхайн салбар руу орох сорилтыг хүлээж авснаар би шинэ бөгөөд сонирхолтой орон зайд амжилттай хөгжиж буйг олж харсан юм. Энэ гайхалтай байгууллагын нэг хэсэг болж, энд өнгөрүүлсэн хором бүртээ талархаж байдаг юм.
Стефани Бурри: Ажил мэргэжлийн хувьд хийж гүйцэтгэсэн зүйлүүд тань үнэхээр гайхалтай байна. Танд баяр хүргэе. Та ШХА-т Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудлаас гадна хүмүүнлэгийн тусламж, соёлын төслүүдийг мөн хариуцан ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Эдгээр нь их өөр өөр чиглэл шүү дээ. Танд аль нэг нь арай илүү санагддаг уу?
Ц.Тансагмаа: Аливаа салбар бүрт өөрийн гэсэн онцлог, сорилт, боломжууд байдаг. Жишээ нь хүмүүнлэгийн салбарт түргэн шуурхай арга хэмжээ авах, хүчин зүтгэл гаргах нь маш чухал байдаг. Харин Соёлын салбар нь тайван, хөгжил цэцэглэлийн уур амьсгалтай байдаг бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах салбар нь оролцоог чухалчилсан, шинэ соргог мэдээллийг эрэлхийлэх талаар байнга хөгжиж байдаг. Хүмүүнлэгийн салбарын түргэн шуурхай, эрч хүчтэй байдал бахархмаар байдаг ч миний зүрх сэтгэл соёлын салбарт илүү ойр байдаг. Энэ салбар улс орны дэвшил, хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг бөгөөд миний хувьд гайхалтай урам зориг өгдөг. Олон жилийн турш Хүмүүнлэгийн тусламжийн салбарт ажилласан туршлага маань надад хурдан шуурхай ажиллах, дасан зохицох чадварын үнэ цэнийг сургасан. Монголын эрэлхэг зоригтой аврагч сургагчдыг харъя гэвэл тэдний эр зориг гайхалтай гэхдээ хэрэгцээ шаардлагатай сургалт, мэргэжлийн тоног хэрэгсэл, ур чадвараар хангагдсанаар тэд хүний амь насыг илүү аварч чадна. Энд л Швейцарын арга барил, ноу-хау үнэлж баршгүй хэрэгтэй шаардлагатай байдаг. Швейцар хүмүүс цагийг чанд баримталдаг, аливаа зүйлд нягт нямбай, нарийн төлөвлөлт хийдэг гэдгээрээ алдартай бөгөөд энэ нь болзошгүй гамшгийг урьдчилан харж, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг олгодог. Хамгийн гол нь тэдний чин сэтгэл нь аливаа ажилд үргэлж илэрч байдаг.
Стефани Бурри: Та ШХА-т найман жил ажиллах үед онцгой бахархсан эсвэл онцлон хэлэхийг хүсч буй зүйл байна уу?
Ц.Тансагмаа: Тэгэлгүй яахав. Миний хувьд хуваалцах олон зүйл бий. Бидний хэрэгжүүлсэн төслүүдийн дүнд бий болсон чухал үр нөлөө, хүмүүсийн амьдралд гарсан гайхалтай өөрчлөлтүүдийн гэрч болж байгаадаа би маш их бахархдаг. Тухайлбал, ярианы эхэнд дурдсан Бичил уурхай төсөлд бид тухайн үеийн эмх замбараагүй “нинжа” гэгддэг бичил уурхайчидтай хамтран ажиллаж байсан. Олборлолтын талбай дээр ирээд бидэн рүү дайрч, заримдаа чулуу шидэх тохиолдол гардаг байлаа. Тэдний зарим нь нэлээд түрэмгий байсан. Тэд маш аюултай нөхцөлд ажиллаж, олон тооны маш гүнзгий нүхнүүд ухаж байсныг бид харж байлаа. Тухайн үед ШХА нь Латин Америкт энэ салбарт ажилласан арвин туршлагатай, сайн үр дүнд хүрсэн гэгдэж байсан тул Монгол Улсын Засгийн газар энэ салбарт дэмжлэг үзүүлэхийг хүссэн. ШХА тэдгээр “нинжа”-нарын асуудал дээр дэмжлэг үзүүлж ажилласан учир өнөөдөр бид тэдний эрс өөрчлөгдсөнийг харж байна. Одоо тэдний үйл ажиллагаа хуулийн хүрээнд албажиж, тэд боловсролтой, чадавхтай, зарим нь бүр хүний эрхийн хамгаалагч болсон байна. Тэд орон нутгийн засаг захиргаатай яриа хэлэлцээ хийж, бичил уурхайн гэрээ хийн албан ажиллах боллоо. Орон нутагт бичил уурхай эрхэлдэг олон ТББ-ын гурав гэхэд олон улсын жишигт хүрч, олборлосон алтаа олон улсын зах зээлд борлуулдаг болсон. Энэхүү олон улсын стандартын гэрчилгээнд хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, хорт химийн бодис, мөнгөн ус ашиглаагүй болохыг дурдсан байдаг.
Стефани Бурри: Гайхалтай. Зах зээл дээр энэхүү шударга олборлосон алтны эрэлт Швейцарт лав эрс нэмэгдэж байна. Одоо өөр сэдвээр ярилцъя. Манай агентлаг дээр ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Саяхан болж өнгөрсөн ШХА-ийн “Монгол ногоо төслийн хаалтын арга хэмжээ” болсон тэр өдрийг жишээ болгон ярьж болох юм?
Ц.Тансагмаа: Өдөр бүр өөрийн гэсэн сорилт, боломжийг агуулсан өвөрмөц нэгэн аялал болдог. Миний хувьд өглөө бүр аяга сайхан кофе ууж, эрч хүчээ сэргээхээс эхэлдэг. Энэ жил олон төслийн хаалтын арга хэмжээгээр дүүрэн он байлаа. Зүй ёсоор, миний гол үүрэг бол төслийн ололт амжилт, үр дүнг сурталчлах, тэмдэглэхийн тулд хэвлэл мэдээллийнхэнтэй холбоо тогтоож хамтарч ажиллах явдал байдаг. Би тухайн арга хэмжээний талаарх хэвлэлийн мэдээг урьдчилан бэлтгэж, телевиз, вэб сайт, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй холбогдож, тэднийг арга хэмжээндээ биечлэн урьдаг. Арга хэмжээний үеэр Монгол хэлтэй хэвлэлийнхэнд зориулж Швейцар хүмүүс ярилцлага өгөхөд Англи хэлнээс Монгол хэл рүү тухай бүр нь орчуулах хэрэгтэй болдог. Ийм арга хэмжээ, ажлын үед маш их ачаалалтай байх ба зохицуулах зүйл их гардаг. Энэ завшааныг ашиглан Монгол Улсын хөгжилд маш их дэмжлэг үзүүлж, том хувь нэмэр оруулж буй Швейцарын татвар төлөгчид болон Швейцарын Засгийн газарт талархлаа илэрхийлье. ШХА-ийн үлгэр жишээ төслүүдийн нэг болох төрийн үйлчилгээг нэг дороос иргэдэд хүргэж буй Нэг цонхны үйлчилгээ төслийг онцлон дурдмаар байна. Энэ ажлыг Засгийн газар цааш үргэлжлүүлэн бүх аймаг бүх дүүрэгт амжилттай хэрэгжүүлж байна. Өөр нэг жишээ бол “Монгол ногоо” төсөл юм. 2000 оны эхээр бид бүгд Хятадаас импортоор оруулж ирсэн хүнсний ногоог гол төлөв иддэг байсан. ШХА энэ чиглэлээр өөрсдийн арга, туршлагаас хуваалцсанаар өнөөдөр энэ байдал бүрэн өөрчлөгдсөн. Монгол Улс төмс, лууван, байцаа гэх мэт хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангадаг болоход тун ойрхон болсон байна.
Стефани Бурри: Ирэх жилийн зун гэхэд ШХА Монгол Улсад ажиллах хугацаа дуусна, энэ хүртэл танд хүрэхийг хүсч буй зүйл бий юу?
Ц.Тансагмаа: ШХА-т ажилласан хугацаа маань төслийн удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ, санхүү гэх мэт олон нарийн асуудалд сайтар суралцах боломж олгосон ба би энэ чиглэлээр ихээхэн туршлагатай болсон гэж бодож байна. Төслийг мэргэжлийн түвшинд удирдахад өргөн мэдлэг, сайн харилцаа холбоо, тэвчээр, манлайлах ур чадвар шаардагддаг. Зарим үед ШХА-аас үйл ажиллагааны ил тод байдал, төслүүдийг хамтран санхүүжүүлэх эсвэл тайлагналтад тавьдаг шаардлагуудын талаар хамтран ажиллаж буй түнш байгууллага маань буруу ойлгосноос болж төсөл хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарч байсан. Ийм үед ШХА-ийн дүрэм, журам, түншийн байр суурийг тайлбарлах “орчуулагч” болж ажиллах хэрэг гардаг. Энэ нь тэр бүр амар, хялбар байдаггүй. Стефани, би Танаас хамт олондоо дэмжлэг үзүүлэх, энэрэнгүй сэтгэлээр удирдан чиглүүлэх, хамт ажиллаж буй хүмүүсийн хувь нэмрийг үнэлж, хүлээн зөвшөөрөх гээд үнэлж баршгүй олон сургамж, туршлагаас тань сурсандаа чин сэтгэлээсээ талархаж байна. Хамгийн гол нь хүний хүсэл, зүтгэлгүйгээр мөнгө юу ч биш, хүмүүсгүйгээр бодит өөрчлөлт гарах боломжгүй. Тиймээс тогтвортой, үр дүнтэй, бүтээмжтэй төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүмүүс үргэлж гол цөм нь байдаг. Түүнчлэн би ганцаараа хийгээд үр дүнд хүрэхгүй, бүх зүйл багийн үр дүн, багийн ажил байсан, байх ч болно гэдгийг олж харсан юм.
Ирэх жил буюу 2024 оны зун Монгол Швейцар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцдаг тул миний хувьд хийх зүйл их байгаа. Ирэх онд зохион байгуулах олон арга хэмжээнд өөрийн мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулахыг хүсч байна.
Стефани Бурри: Бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцсанд маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Тантай хамтран ажиллахад үргэлж таатай байдаг. Та манай ШХА-ийн хамт олны нэг хэсэг байгаа нь үнэхээр сайхан хэрэг юм.