Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Press releases, 16.01.2018

“Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатанд Улаанбаатар хотын 20-25 улсын сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулан засварлахад төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнтэй бодлого, төлөвлөлтийг жишиг болгон хэрэгжүүлнэ.

Төслийн эхний шатанд дулааны алдагдал бууруулах засвар хийгдсэн анхны барилга. Ховд аймгийн Жаргалант сумын 5-р цэцэрлэг © ШХА © SDC

Швейцарын Хөгжлийн агентлагийн 9,8 тэрбум төгрөгийн (4 сая шв. франк) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд 2018-2021 онд нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн барилгын дулааны алдагдлыг бууруулахаар шинэчлэн засварлана. Мөн үүн дээр нийт төсвийн 40 гаруй хувьтай тэнцэх санхүүжилтийг нийслэлийн төсвөөс оруулах бөгөөд зөвхөн 2018 онд гэхэд нийслэлээс 1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

2018 оны 1-р сарын 8-ны өдөр оролцогч талуудыг нэг дор цгуглуулсан төслийн нээлтийн хурлаар төслийн өмнөх шатны сайн туршлагаас хуваалцаж, дараагийн үе шатны хүрээнд зорьж буй үр дүнгийн талаар болон төсвийн хөрөнгө оруулалт, эрчим хүчний тарифын тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар хэлэлцлээ.

“Монгол улсын хатуу ширүүн байгалийн нөхцөлд тохирсон эрүүл, тав тухтай, хямд төсөр, эрчим хүчний хэмнэлтэй барилга нь нийслэлийн иргэдийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байна. Иймд, төслийн хүрээнд хамгийн орчин үеийн шилдэг технологиор барилгын дулааны алдагдлыг бууруулах засвар хийхээс гадна төслийн тогтвортой байдлыг цаашид хангах тогтолцоог бий болгоно” гэж төслийн зохицуулагч Давид Ханкок хэлэв.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын нийгмийн салбарын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогын орчныг боловсронгуй болгох талаар Нийслэлийн засаг даргын тамгын газрын чадавхыг бэхжүүлэхэд ч хувь нэмэр оруулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Орлогч Ш.Анхмаа хэлсэн үгэндээ онцоллоо. 

Төслийн эхний шатанд Завхан, Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд хамтран Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг хамтран шийдэх боломжийг олгосон нь бодлогын болон хэрэгжүүлэлтийн түвшинд үр дүнтэй арга болох нь нотлогдсон.

Төслийн нээлтэд хэлсэн үгэндээ ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал Габриелла Спирли “ШХА нь энэхүү төслийн хүрээнд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах сайн засаглалын асуудалд илүү анхаарал хандуулсан юм. Энэ төсөл нь зөвхөн барилгын дулаан алдагдлыг бууруулах санаачлагаар хязгаарлагдахгүй төсвийн хөрөнгө оруулалтын бүхий л үе шатууд болох сонгон шалгаруулалт, худалдан авалт, хэрэгжилт, хяналт шинжилгээ үнэлгээг зэрэг үйл ажиллагааг төрийн санхүүгийн удирдлагын журмын дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх боломж олгох юм” гэж онцлон тэмдэглэв.

Төслийн өмнөх шатны үр дүнг энэ линкээс үзнэ үү (зөвхөн англи хэл дээр)