Швейцарын элчин сайдын нэрэмжит шагналт Б. Намууны “ME-WE” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

31.01.2019

Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Монгол-Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилж өнгөрсөн жил залуу уран бүтээлч Б. Намуун шалгарсан билээ.

Б. Намуун өөрийн үзэсгэлэн дээр
Б. Намуун өөрийн үзэсгэлэн дээр ©ШХА

Шалгарсан уран бүтээлч дэлхийн урлаг соёлын байгууллага, уран бүтээлчтэй холбогдох, тэдэнд өөрийн бүтээлээ танилцуулж мэдлэг туршлагаа хуваалцах боломжоор хангах нь уралдааны зорилго юм. Хөтөлбөрийн хүрээнд Б.Намуун Швейцарын урлаг соёлын сургуульд гурван сар суралцаж, энэ хугацаанд туурвисан бүтээлийн нь каталогийг хэвлүүлэн гаргасан байна.

Батбилэгийн Намуун 2015 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн  уран зургийн ангийг төгссөн. Зураач мэргэжилтэй аж.  2016 онд Риогийн олимпийн анхны "OiR-Rio" үзэсгэлэнгээ гаргасан. Хоёр дахь соло үзэсгэлэнгээ Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хязгаараас ангид” төслийн бүжгийн бүх зургийг авч, тэр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргажээ. Мөн Болгарын Софи хотод Азийн фестивальд оролцоод Монголын тухай өөрийн үзэсгэлэнгээ гаргаад, эх орноо сурталчилж байсан нэгэн юм.

2018 онд Швейцар улсын Элчин сайдын нэрэмжит урлагийн шагналын анхны эзэн болж Женевийн Урлаг Дизайны сургуулийн резиденс хөтөлбөрт хамрагдаад ирсэн тэрээр сургуульдаа сурч, өөрийн мэдлэгийн цар хүрээг өргөжүүлж чадсан билээ. Сургуульдаа сурч байх хугацаанд олон орны төлөөлөл болсон оюутан багш нартай харилцаж, өөрийн үзэсгэлэнг дэлгэж, тэрхүү үзэсгэлэнг Монгол Улсын Eрөнхийлөгч Халтмаагийн Баттулга өөрийн биеэр үзсэн бөгөөд өөрийн бүтээлүүдээс чамгүй олныг Швейцар улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хандивлажээ.

Бүтээлүүдээ Швейцар орны үзэсгэлэнт байгаль, нийгэм, уран бүтээлчид, тэдний амьдралын хэв маягаас сэдэл авч туурвисан байна. Эдгээр нь сэтгэл хөдлөлөө ухамсарлах явцад бүрэлдсэн сэтгэлийн тэнцвэрт байдлын тусгал аж. Хүн харагдах байдлаараа нэг ч, түүний доторх би бол олон гэсэн санаагаар “ME-WE” хэмээн нэрлэсэн гэсэн.
Хүн бүр бүтээлийг хараад баяр хөөр, айдас гээд янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдрэх боловч, эцэс сүүлд нь тэдгээр мэдрэмжийн огт өөр хэлбэрийг өөртөө олж илрүүлдэг. Түүний бүтээлүүдээс Монгол болон Швейцар улсын дунд бас нэгэн өвөрмөц холбоо шинээр бий болсон нь илт тодорхой мэдрэгдэж байлаа.