Шувуу ажиглах аялал жуулчлал нь нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Local news, 12.10.2021

Биологийн олон янз байдлыг үндэсний хэмжээнд хамгаалах тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бий болгох нь Монгол Улсын Засгийн газрын байгаль хамгааллын үндсэн бодлогуудын нэг юм. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 124 Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 21%-ийг хамарч байна. Ийм өргөн уудам тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бий болгож чадсан нь асар том амжилт бөгөөд Монгол Улс байгаль хамгааллын хувьд чухал түшиц газруудыг төрийн хамгаалалтад авах тал дээр хөгжиж буй орнуудын дунд сайн үлгэр жишээ үзүүлж байна. 

Цэн тогоруу Монголд
Цэн тогоруу Монголд ©WSCC

Гэсэн хэдий ч улс орны эдийн засаг тааруу байгаа тул бүх хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдлын гол бүс нутгуудыг зохих ёсоор хамгаалах, менежментийг удирдахад шаардлагатай санхүүжилт хүрэлцдэггүй.

Монгол Улсын Засгийн газар нь байгалийн нөөцийг хамгаалахын зэрэгцээ нутгийн иргэдийн амьжиргааг дэмждэг эко аялал жуулчлал гэх мэт тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагаа, менежментийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хэрэглэж болох бусад боломжит хувилбар, орлогын эх үүсвэрийг эрж хайн, дэмжиж ажиллаж байна. Тийм боломжит нэг хувилбар бол байгаль орчинд ээлтэй шувуу ажиглах аялал жуулчлал бөгөөд байгаль хамгаалалд дорвитой эерэг өөрчлөлтүүдийг авчрах асар их нөөц бололцоо юм.

Шувуу ажиглах буюу шувуу ажиглах аялал (шувууны аялал) гэдэг нь шувуудыг амьдардаг орчинд нь амралт, хобби зорилгоор байгаль сөрөг нөлөөгүйгээр тусгай дуран, зургийн аппарат хэрэгсэл ашиглан ажиглах явдал юм. Сүүлийн үед хүмүүс олон нийтэд түшиглэсэн шинжлэх ухааны мэдээ цуглуулах зориулалтаар шувуу ажиглалт хийдэг болтлоо хөгжөөд байна. Ер нь шувуу ажиглах бол байгальтай харилцах хүмүүсийн хамгийн таатай хэлбэрүүдийн нэг гэж тооцогддог. Хамгийн энгийн үгээр хэлэхэд энэ бол хүмүүсийн шувуу болон байгальд хамгийн ойр байх тухай юм. Өнөө үед шувуу ажиглах нь дэлхийн хэмжээний амралт чөлөөт цагийн үйл ажиллагаа болсон байх бөгөөд, ихэнх улс оронд хурдацтай хөгжиж буй хобби, олон зуун сая долларын санхүүгийн нөөц боломж бүхий аялал жуулчлалын салбар болжээ. Өөрөөр хэлбэл маш олон хүнийг татдаг дэлхийн хэмжээний экотуризмын нэг хэлбэр юм. Шувуудын зүйл баялаг ихтэй орон бүр өөрсдийн онцлогт таарсан шувуу ажиглах аялал жуулчлалын салбараа хөгжүүлж байгаа бөгөөд манай улс л ялгаагүй тодорхой ажлууд хийж байна.

Манай улс газар нутгийн хэмжээ том тул хавар, намрын нүүдлийн үеэр хэдэн тэрбум нүүдлийн шувууд дамжин өнгөрөх ба мөн зуны улиралд олон тооны шувууд үржлийн үедээ тааралддаг. Монгол орны шувууд Өмнөд Африк, Энэтхэг, Өмнөд Ази, тэр ч байтугай Австрали гэх мэт алс холын нутгаас дэлхийн шувуудын нүүдлийн гурван их замаар дамжин ирдэг. Иймд энэ бол Монголын ард түмэнд байгаль эхээс заяасан чухал өгөөж баялаг юм.

Хэдийгээр одоогийн байдлаар Монголд ирдэг шувуу ажиглагчдын ихэнх нь Европ, Хойд Америкаас ирдэг боловч Өмнөд Солонгос, Хятад, Тайланд, Япон зэрэг Азийн орнуудаас ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. Цаашид энэ жагсаалт улам бүр нэмэгдсээр байх болно. Энэ нь тусгай хамгаалалттай газрууд, биологийн олон янз байдлын түшиц газрууд, орон нутгийн иргэдийг дэмжихэд шаардлагатай санхүүжилтийн мөнгөн урсгалыг оруулах асар их боломж билээ.

Харин өнөөдрийн өнцгөөс харахад ихэнх шувуу ажиглах аяллыг Улаанбаатар хотод эсвэл гадаадад төвлөрөн байрладаг компани, хувь хүмүүс явуулдаг. Үүний нэг дутагдалтай тал нь шувуу ажиглах аялал жуулчлалаас олсон орлогын ихэнх нь хотод эсвэл гадаадын компанид үлддэг бөгөөд нутгийн иргэд болон тухайн газар нутгийн хамгаалалд харьцангуй бага мөнгө хувиарлагддаг байна. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн хэрэгжүүлж байгаа Шувуудын жим төсөл нь экотуризмаас олдог орлогоос орон нутагт өмнөхөөс арай илүү хувиарлагддаг байх боломжийг гаргаж ирэх загвар бий болгохоор ажиллаж байна. Учир нь экотуризм бол тусгай хамгаалалттай газар нутаг, орон нутгийн иргэдийн хувьд маш дутуу ашиглаж байгаа асар их боломж хэвээр байсаар байна.

Шувуу ажиглах аялал бол экотуризм буюу эко аялал жуулчлалын нэгэн өвөрмөц хэлбэр бөгөөд тусгайлан бэлтгэгдсэн хөтөч, аяллын үйлчилгээ шаарддаг. Жишээлбэл ийм аялал зохион байгуулахад дор хаяж нэг чадварлаг шувууны хөтөч хэрэгтэй. Тэр хөтөч нь аль болох олон зүйлүүд эсвэл ховор амьтдын байрлалыг сайн мэддэг байх шаардлагатай. Үүн дээр нэмээд ирсэн жуулчдад морь, тэмээ, гэр мэтийг түрээслэх зэрэг бусад төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой орон нутгийн хүмүүсийн хамтын нөхөрлөл хэрэгтэй. Шувуудын жим төсөл нь тусгай хамгаалалттай газар нутаг эсвэл олон нутгийн нөхөрлөл бүлгүүдийг туршлагатай аялал жуулчлалын компаниудтай холбон өгч бүх талууд харилцан ашигтай ажиллах бизнес гэрээнд үндэслэн шувуу, байгаль ажиглах аялалыг зөв зохион байгуулах бүтцийг бий болгохоор зорьж байна. Хамгийн гол нь бие биедээ туслах, хариуцсан нутгийнхаа байгаль орчныг арчлан хамгаалах үүрэг хариуцлагыг талууд хүлээдэг нь энэхүү хамтын ажиллагааны үндэс суурь болох юм.

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв нь энэхүү хариуцлагатай экотуризмын төслийн загвар бий болгох ажлыг Хар ус нуурын байгалийн цогцолборт газар, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Хурх-Хүйтэний байгалийн нөөц газарт туршилтын журмаар хийж байна. Эдгээр сонгон авсан гурван газар нь хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалахад өндөр ач холбогдолтой нутгууд бөгөөд шувуу ажиглах аялал жуулчлалын асар их нөөц бололцоотой. Иймд энэхүү төсөл нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг болон биологийн олон янз байдлын хамгаалалд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Дэлгэрэнгүйг  www.wscc.org.mn