Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл 1р үе шатаа амжилттай дуусгалаа


Questa pagina non è disponibile in italiano. Selezionare una delle lingue seguenti:

Local news, 19.12.2018

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн санаачлагч нь ЮНЕСКО бөгөөд төслийн гол санаа нь хүүхэд залуучуудад оролцооны аргачлалаар дамжуулан дэлхий дахинаа тулгараад буй асуудлуудын талаар мэдлэгийг нь дээшлүүлснээр байгаль орчны болон нийгмийн хувьд хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.

Төслийн 1р үе шатны хаалтыг арга хэмжээ
Төслийн 1р үе шатны хаалтыг арга хэмжээ ©ШХА

Монгол Улсын Засгийн газар ногоон эдийн засгийн хөгжлийг бий болгох зорилгоор цэцэрлэгийн хүүхдүүдээс их сургуулийн оюутнуудад тогтвортой хөгжлийн боловсролыг олгох өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг эхлүүлээд байгаа билээ. Хүүхэд залууст хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засаг болон нийгмийн асуудлуудаар чанартай мэдлэг мэдээлэл олгох нь ард иргэдийн тогтвортой ирээдүйн хөгжилд нэн чухал юм. Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэргийн хамтын ажиллагааны үр дүнд 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэрэгжүүлэгч нь Германы Хамтын Ажиллагааны Газар, Шведийн Упсала их сургууль, Швейцарын Боловсролын Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэн зэрэг юм.

Төслийн 1р үе шатны хаалтыг тохиолдуулан төслийн хамтрагч талууд болох сургуулиуд 2015 оноос хойших үр дүнгээ илтгэсэн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Уг арга хэмжээг Архангай аймгаас эхлүүлж, Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор аймгууд үргэлжлүүлсэн бөгөөд оролцогч талуудын дунд сургуулиуд, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид болон орон нутгийнхан байлаа.

Дээрх 4 аймгийн төлөөллүүд эцэст нь Улаанбаатарт цуглан, төслийн хэрэгжилтийн үр дүнг тайлагнах ерөнхий арга хэмжээнд оролцсон бөгөөд зочид төлөөлөгчдийн дунд Байгал орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ШХА-ийн Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали, Германы хамтын ажиллагааны газрын дарга Даниел Пассон, аймгийн засаг дарга нар, түүнчлэн нийслэл хотод төсөл хэрэгжүүлсэн сургуулиудын төлөөллүүд оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл өөрийн хэлсэн үгэндээ энэхүү төсөл нь нийт зургаан аймагт хэрэгжсэн бөгөөд ерөнхий боловсролын системд “ногоон” үйл ажиллагааг нэвтрүүлэхийг зорин 3,000 багш сурган хүмүүжүүлэгч нарыг сургасныг онцолж байлаа. ШХА-ийн Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали хатагтай төслийн онц чухал ач холбогдол болон нийгэм, эдийн засаг болон байгаль орчин хэмээх  тулгын гурван чулууг чухалчилж байсан юм. Тэрээр “Бид бүгд хөгжлийн төлөөх хариуцлагыг үүрч, ирээдүй хойч үедээ юу үлдээж байгаагаа сайтар тунгаан бодох үүрэгтэй. Аливаа хөгжил тогтвортой байснаар бидний хийж буй үйлдлийн үр дүн нь түрхэн зуур, богино хугацаанд үр ашгаа өгөөд дуусчихгүйгээр, тогтвортой үргэлжлэх байх ёстой. Өөрөөр хэлбэл, олон он жилүүдийн нүүрийг үзэх ёстой” гэж онцлон хэллээ.