Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого төрийн захиргааны шинэчлэлийг эрчимжүүллээ

Local news, 19.09.2016

Улаанбаатар, 2016.09.19 -- Монгол Улсын Засгийн газар “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2016 оны 6-р сарын 28-ны өдөр баталснаар 1992 оноос эхлүүлсэн төвлөрлийг сааруулах шинэчлэлийг шинэ шатанд гаргах нэгэн том алхам хийлээ. 

decentralisation
Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого хэрэгжсэнээр төрийн захиргааны анхан шатны нэгжүүдийн чиг үүрэг, санхүүжилт болон хүлээх хариуцлага нь илүү тодорхой болно.

Төвлөрлийг сааруулах талаар нэгдсэн, цогц бодлого байхгүй, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг  давхардалгүй, тодорхой тогтоогоогүй явж ирсэн нь нийтийн хөрөнгийг үр ашиггүй хуваарилах, зарцуулах шалтгаан болж иржээ.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого нь дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд сайн засаглалыг бүрдүүлэх, шийдвэр гаргах үйл явцад ил тод, нээлттэй, хариуцлагатай байх  зарчимд үндэслэсэн байна.

Энэхүү бодлогын баримт бичиг нь орлого, эх үүсвэрийг зохистойгоор хуваарилах өнөөгийн тогтолцоог сайжруулах ба ингэснээр орон нутагт хангалттай төсөв хуваарилдаггүй гэх урт хугацаанд үргэлжилж буй шүүмжлэлийг шийдвэрлэх юм.
 
ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн “Төвлөрлийг сааруулах үйл явцын нэн чухал асуудал нь иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид хэрэгжүүлж чадах чиг үүргийг хуваарилах замаар удирдлагын түвшин бүрт чиг үүргийг давхардалгүй хуваарилах явдал. Иймд манай улсын нөхцөлд тохирсон чиг үүргийн судалгаа хийх, чиг үүргийн дахин хувиарлалт хийх аргачлалтай болох нь чухал байна.” гэж хэлсэн үгэндээ онцолжээ.

Удирдлагын Академийн захирал, доктор С.Зүльфикар төрөөс баримтлах бодлогын талаар “Ардчилсан засаглалын үнэт зүйл, зарчмыг улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд хэлбэрэлтгүй сахих, төлөвшүүлэх үйл явцад төвлөрлийг сааруулах асуудал зүй ёсоор хөндөгдөж байгаа болно. Төрийн чиг үүргийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад оновчтой хуваарилах нь төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болдог” гэж сайшаан хүлээн авсан.

Бодлогын баримт бичиг нь 2024 он хүртэл хоёр үе шаттайгаар төвлөрлийг сааруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийг тодорхойлсон.
 
Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар нь Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус бодлогын баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн Швейцарь Улсын Люцерний Хэрэглээний шинжлэх ухаан, урлагийн их сургууль өөрийн улсын чиг үүргийн дахин хуваарилалт, төсвийн тэнцвэржүүлэлтийн аргачлалд үндэслэн техникийн зөвлөгөө өгч ажилласан болно. 
 
Цаашид чиг үүргийн хуваарилалт хийх аргачлал болон уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажлууд хийгдэнэ.