Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөний талаарх цогц судалгаануудыг танилцууллаа

Local news, 18.12.2018

Монголд анх удаа хийгдсэн улсын дотоодын шилжих хөдөлгөөний цогц судалгааны үр дүн гарлаа. Судалгааны дагуу дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгаа аж.

Цогц судалгаануудыг танилцууллаа
Цогц судалгаануудыг танилцууллаа ©ШХА болон ОУШХБ

Монгол Улсын үндэсний их сургуулийн судлаачдын багийн хийж гүйцэтгэсэн "Монгол улс: “Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөний судалгаа"- ны дагуу 1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь (26.8%) оршин сууж байсан нийслэлд, өдгөө нийт улсын хүн амын бараг тал (47%) хувь нь оршин сууж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, 2010-2016 онуудад 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшсанаар, 2018 онд нийслэлийн хүн ам 1,463,000 хүржээ.

Судалгаанд хамрагдсан нийт 4,000 орчим хүний мэдээллээс харахад шилжин суугчийн олонх нь ажилд орох, амьдралынхаа нөхцөлийг сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн илүү чанартай, олон төрлийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүдээ дэмжих, садан төрлөө бараадах зорилготой шилжин суурьшсан байдаг байна. Харин тэд   олныг хамарсан гэнэтийн нөхцөл байдлын улмаас нүүгээгүй гэдгийг судалгаа нотоллоо.

Улаанбаатар хотод шилжин суурьшиж хотын захын хороололд төвхнөсөн иргэд хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлж байгаа хэдий ч хот хөгжүүлэх төлөвлөлтөд тэдний амьдрах орон зай, орчин нөхцөл зэргийн асуудлуудыг зохистой тусгаж чадаагүй байна. Хотын захын хорооллын хүн амын бараг гуравны нэг нь шинээр нүүдэллэн суурьшсан иргэд байдаг ба тэдний бараг 40 хувь нийгмийн эмзэг бүлэгт багтдаг тул тусламж дэмжлэг нэн хэрэгцээтэй хүн амын тоонд орж байна.

Нийслэл хотод шилжин суурьшсан иргэд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгардаг талаар “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа” нэртэй чанарын судалгааг “Гэр хорооллын зураглал төв” ТББ  хийсэн ба энэ нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол Улсын дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохицуулах нь” төслийн хүрээнд дэмжсэн бас нэг судалгаа юм.

Нийслэлийн засаг даргын тамгын газраас дэмжин хийлгэсэн уг хоёр судалгааг ОУШХБ удирдамж, арга зүй, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр жил орчмын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

“2018-2021 онд Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол Улсад хэрэгжүүлэх шинэ стратегийн нэг зорилт нь Монголд эрчимтэй явагдаж байгаа хотжилтоос үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Шилжилт хөдөлгөөний эдгээр судалгааг энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бид дэмжин ажилласан” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул  Габриела Спирли хэллээ.

“Шилжин суурьшигчдын олонх нь нийслэлд ирээд амьдрал нь сайжирсан гэж хариулсан хэдий ч хотод ямархуу хүндрэл, бэрхшээлтэй тулгардгийг судалгаагаар дэлгэрэнгүй  тодорхойлж гаргасан байна. Тиймээс, хотын хүн ам, хөгжлийн бодлогоо нотолгоонд суурилуулан гаргаж, хотынхоо оршин суугчдын хэрэгцээг хангаж ажиллахад тус хоёр судалгаа нь маш их ач холбогдолтой юм” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүгнэлээ.

“Энэ судалгаа нь чухал суурь мэдээлэл гаргаад барахгүй үндэсний болоод орон нутгийн түвшний хөгжлийн бодлого, журмыг сайжруулахад тус нэмэр болохуйц урт болон богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлүүдийг санал болгож байгаагаараа онцлог юм“ гэж ОУШХБ-ын Монгол дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ричард Фэйрбрадер хэллээ. Тэрээр цааш нь, “Монголын дотоодын шилжин суурьшигчдын нэр төр, эрхэм чанар, сайн сайхныг сахин ажиллахад ОУШХБ нь Монгол улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, нийт монголчуудтай цаашдаа ч хамтрах болно” гэдгээ илэрхийлэв.

Судалгааны тайлан танилцуулсны дараа, хөгжлийн бодлого боловсруулагч, мэргэжилтнүүдэд зориулан дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах стратегийн удирдлагын цар хүрээ, суурь зарчим, тулгарч болзошгүй сорилт хүндрэлийн талаар сургалт явуулна. Сургалт нь засгийн газрын зүгээс дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдан зохицуулах бодлогын чиглэлийг тодорхойлон гаргах төрийн чадавх бүрдүүлэхэд  хувь нэмэр оруулах зорилготой юм.