Швейцарын Холбооны Улс 850.000 швейцар франкийн буюу 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл илгээлээ

Local news, 05.10.2021

Монгол Улсын өнөөгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч үзсэний үндсэн дээр Швейцарын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг Ковид 19 цар тахалтай тэмцэх үйл явцад нь дэмжлэг үзүүлэхээр шийдсэн.

Хүмүүнлэгийн тусламж
Хүмүүнлэгийн тусламж © ШХА

Швейцарын тусгай үүргийн онгоц энэ Даваа гарагт Дүбендорф хотоос нийт 700.000 швейцар франкийн үнэ бүхий хоёр мянган тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн Улаанбаатарыг чиглэн нислээ. Энэхүү онгоцонд Швейцарын армийн эмийн сангаас хандивлаж буй 40 ширхэг хүчилтөрөгчийн аппаратаас гадна 45 ширхэг хүчилтөрөгчийн баяжуулагч болон бусад эмнэлгийн хэрэгсэлийг ачсан байна.

Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж авч, шаардлагатай эмнэлэгт нь хуваарлан хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд Монгол улс дахь Швейцарын хамтын ажиллагааны газар нь хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга, ил тод, хэрэгцээтэй газарт нь хуваарилах чиглэлээр яамны удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг  голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна.

Монгол Улс бол Швейцарын Холбооны улсын хувьд чухалчилж үздэг орнуудын нэг юм. Тиймээс тоног төхөөрөмжийг хүргэхээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг Эрүүл мэндийн яаманд 150.000 швейцар франкийн үнэ бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авах санхүүжилтийг гарган дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улс руу илгээгдэж буй ачаа нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ази тиврүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм. Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ.