Малчид, тариаланчид хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд технологийн дэвшлийг ашиглаж байна

Local news, 23.01.2023

Хэрэглэгч бидний хувьд идэж буй хоол хүнс маань үнэхээр аюулгүй байж чадаж байна уу гэж үргэлж боддог. Бид аль болох гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийдэг. Тухайлбал, мал эмнэлгийн үйлчилгээнд хаана хамрагдаж, ямар вакцин, антибиотикоор тариулсан нь мэдэгдэхгүй малын мах, сүү, эсвэл ямар пестицид, бордоогоор бордсон нь тодорхойгүй хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэхгүй байх нь зүйтэй юм.  

Ногооны хүлэмж
Ногооны хүлэмж ©ШХА

Гэвч бид “Хүнсний сав, баглаа, боодол дээрх төрөл бүрийн хаяг шошгонд итгэж болох уу”? Хэрэв үйлдвэрлэгчид мах, сүү, бяслаг, хүнсний ногоогоо “эрүүл хүнс” гээд зарж байвал энэнд үнэхээр итгэж болох уу?  

Дижитал хэрэгслүүдээр дамжуулан бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг баталгаажуулах зорилгоор мөшгих тогтолцоо/системийг нэвтрүүлж байгаа нь бидэнд тусална гэдэгт найдаж байна. Швейцарын татвар төлөгчдийн мөнгө, санхүүгийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүний түүхий эд, чанар, гарал үүслийг мөшгих системийн талаар олж авсан туршлага, сургамжаа та бүхэнтэй хуваалцъя.

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” болон Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн “Монгол ногоо” төслийн хүрээнд нэвтрүүлсэн хүнсний ногоо болон малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг баталгаажуулах, бэлчээр, зах зээлд өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэх, малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадлын стандарт, цахим мөшгөх системийг хөгжүүлсэн. Энэхүү мөшгих системд дижитал хэрэгсэл, хэрэглээний программууд, гар утсыг өргөнөөр ашиглах болсноор малчид, тариаланчид аль аль нь өргөн хүрээнд хэрэглэж байна.

Энэ бол бидний хамтын амжилтын түүх, гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд багагүй хугацаа, нэлээд олон жилийг зарцуулсан юм.

Малын эмч нарын малчдад үзүүлж буй мал эмнэлгийн үйлчилгээг бүртгэх сургалт, технологид хамруулж, зах зээлд нийлүүлэх малыг ээмэгжүүлэх ажлыг хийж байна. Малчид одоо урьдчилан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Үүнд зах зээлд борлуулах малаа орон нутгийн малын эмчдээ үзүүлж бүртгүүлэх, антибиотик эмчилгээ хийлгэхгүй, шаардлагатай вакцинжуулалтыг зах зээлд нийлүүлэхээс 21-45 хоногийн өмнө хийх зэрэг арга хэмжээг тогмол авч байна. Цахим мөшгих системд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мэдээллийг оруулснаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон мах үйлдвэрлэгчид малчдын нийлүүлэлтийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг цаг тухайд нь авч холбогдох байгууллага, зах зээлд нийлүүлэгчдэд мэдээллэдэг болсон.

Тээвэрлэлтийн явцад томоохон шалган нэвтрүүлэх цэгүүд болон мах боловсруулах үйлдвэрүүд тухайн малын чихний ээмгэний кодыг шошго уншигч ашиглан антибиотик, вакцин хэзээ тариулсан, махыг нь зах зээлд нийлүүлэх болох эсэх талаарх мал эмнэлгийн гэрчилгээг харж баталгаажуулах юм. Мах боловсруулах компаниуд боловсруулах үйлдвэрийн мэдээллээ мөшгих тогтолцоонд оруулахдаа тухайн малын чихний шошгыг ашиглан баталгаажуулдаг. Дараа нь энэхүү QR код бүхий мах нь супермаркетуудад хүрч, эцсийн хэрэглэгч болох та бүхэн махаа хаанаас ирсэн, хэзээ вакцинд хамрагдсан, аль үйлдвэрт боловсруулсан гэх мэт бүх шаардлагатай мэдээллийг авах боломжтой болно. Хүн бүр, эсвэл хэн нэгэн хүсвэл тухайн хүнсний бүтээгдэхүүн хэр аюулгүй болохыг шалгахаас гадна бэлчээрийн мэдээллээр түүний чанарыг шалгах боломжтой боллоо.

Мэдээжийн хэрэг, мөшгөх тогтолцооны үйл явц нь "төгс" биш байгаа ч цаашид улам сайжруулах боломж нээлттэй байна. Бид эрүүл бэлчээрээс ирсэн мал нь ямар нэгэн байдлаар доройтсон бэлчээрт хариулсан малтай харьцуулахад илүү чанартай бүтээгдэхүүн авдаг гэж боддог.

Энэхүү цахим мөшгих тогтолцоо нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд амжилттай хэрэгжиж байгаад үнэхээр талархаж байна. Өнөөдөр бүрэн ажиллагаатай цахим мөшгөх толтолцооны систем хэрэгжиж байгаа ч энэ системийг цаг хугацааны явцад улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байсаар байгаа нь ойлгомжтой юм. Энэ ажил нь одоо ХХААХҮЯ-ны цаашид хариуцан авч явах ажлын нэг болсон.

Тариаланчдын хувьд ч мөн адил цахим мөшгөх системийг нэвтрүүлж байгаа бөгөөд хүнсний ногоо тариалах явцад хийсэн бүх талбайн ажлын бүртгэлийг системд оруулдаг болсон. Энэхүү мөшгөх тогтолцооны системд бүртгүүлснээр тухайн тариаланчийн тарьсан хүнсний ногоо нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын холбогдох хууль, журамд нийцэж байгааг баталгаажуулахаас гадна “Хөдөө Аж Ахуйн Зохистой Дадал” (ХААЗД)-ыг оновчтой болгоход онцгой анхаарал хандуулж байгаа нэг үйл явц юм. “Хөдөө Аж Ахуйн Зохистой Дадал”-ын талаарх мэдлэгтэй, холбогдох гэрчилгээ бүхий тариаланчид хүнсний ногооны мөшгөх системээр ногоогоо борлуулах боломжтой бөгөөд энэхүү мөшгих системд хамрагдсан тариаланчид яамнаас урамшуулал авах эрхтэй болно.

Хүнсний аюулгүй байдлын тогтолцоог боловсронгуй болгох үйл явцыг амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэхийн ялдамд ойрын хугацаанд илүү их үр дүнд хүрч, улам боловсронгуй болгоно гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй Бэлчээр ашиглагчдын холбооноос