Цэцэрлэгийн цайны завсарлагаанаар Органик шүүс!

Local news, 24.01.2023

Хүүхдийн цэцэрлэгээр зочлох нь үргэлж сайхан байдаг - хүүхдүүдийн инээд хөөр, баяр жаргалтай байдал, тэдний дуу дуулан хөгжилдөхийг харах, бүгдээрээ нэгэн зэрэг мэндчилэх нь таны сэтгэлийг баясган дулаацуулж, хүүхдүүдээс цацрах тэр гэнэн цайлган сэтгэл, аз жаргалыг та бүхэн мэдэрдэг гэдэгт итгэлтэй байна. Бид Дархан-Уул аймгийн хүүхдийн нэгэн цэцэрлэгээр зочлохдоо ч ялгаагүй энэ мэдрэмжийг авлаа.

Цэцэрлэгийн хүүхдүүд
Цэцэрлэгийн хүүхдүүд ©SDC

Тус цэцэрлэгийн захирал болон гал тогооны ажилчид биднийг найрсгаар хүлээн авч сэтгэл догдлон цэцэрлэгийн үйл ажиллагаагаа танилцуулан хэд хэдэн ангиар зочлох үед тавхан минутын өмнө гал тогооны өрөөнд өөрийн талбайдаа тарьсан жимс, ногооноос шахаж гаргасан лууван, чацарганы цэвэр шүүсийг хүүхдүүд ууж байхтай таарсан юм. "Бид ургацаа хураах үеэр заримдаа ногооны цэвэр шүүс хүүхдүүддээ өгдөг" хэмээн ахлах тогооч бидэнд баяртайгаар ярьж байлаа.

Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн “Монгол ногоо” төслийн хүрээнд 44 сургууль, цэцэрлэгийг хот, суурин газрын хүнсний ногооны тариалалт, хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээнд хамруулж, багш, ажилчид, хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах арга барилыг онол, дадлага хосолсон хэлбэрээр зааж, сургасан юм.

Бидний зочилсон цэцэрлэг нь гаднаа хүлэмжтэй, тариалангийн талбайгаасаа төмс, луувангаа дөнгөж хурааж авсан байлаа. Чацарганын мод, үхрийн нүдний бут зэрэг нь маш сайн ургасан, бүр цэцэглэсэн байхтай ч таарлаа.

Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд бүгдээрээ үр суулгах, суулгац тариалах, ургац хураах үйл явцад оролцдог бол эцэг эхчүүдийн хувьд цэцэрлэгжүүлэлтийн томоохон арга хэмжээнд уригдан оролцож, илүү их хүч шаарддаг ажлуудад тусалдаг байна. Тус хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн тогооч, эмч, хоолзүйч нарт "Хүүхдийн хоолыг хүнсний ногоогоор баяжуулах хэрэгцээ, технологи" сэдэвт онол, дадлага хосолсон сургалт явуулсан. Хүүхдийн хоолыг хүнсний ногоогоор баяжуулах замаар тэдний өсөлт хөгжилт, эрүүл мэндийг дэмжих, бичил шимт бодисын дутлаас сэргийлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор цэцэрлэгийн тогооч нарт зохистой хооллолтын үндэс, хүнсний ногооны эрүүл мэндийн ач тус, хоолыг хүнсний ногоогоор баяжуулах ач холбогдол, хүнсний ногоог зөв боловсруулж хэрэглэх талаар онолын мэдлэг олгож, төрөл бүрийн хүнсний ногоогоор хүүхдийн хоолыг баяжуулах технологи эзэмшүүлсэн. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны цэсийг төрөл бүрийн ногоогоор хийж болох хоол, зууш, салатны төрлүүдээр баяжуулж байна.

Мөн хэд хэдэн цэцэрлэгийн хувьд хүүхдүүддээ өвлийн улиралд луувангийн шүүс өгч, өсөлт хөгжилт, бие бялдрын талаар ажиглалт хийж, бусад цэцэрлэгийн хүүхдүүдтэй харьцуулж үзэхэд өдөр бүр луувангийн цэвэр шүүс өгч байгаа хүүхдүүдэд эерэг үр дүн гарч байгаа нь ажиглагдсан байна.

“Хүүхдүүд ихэвчлэн ногоонд тийм ч их дуртай байдаггүй. Магадгүй энэ нь хүүхдүүд гэртээ тэр бүр идэж дасаагүй байгаатай холбоотой юм болов уу?

Харин манай хүүхдүүд ногоонд дуртай! Брокколи, байцаа, төмс, хулуу гээд л бүгдийг нь зөв нэрлэж чадна. Мөн тэд бүгд хүнсний ногоо идэх дуртай болсон!" хэмээн ахлах тогооч бидэнд сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн "Хүүхдүүд маань өөрсдийн хэрэглэдэг хүнсний ногоо, жимс жимсгэнээ таньж, нэрлэж, идэж, эрүүл мэндэд үзүүлдэг зарим ашиг тусыг мэддэг болсон. Учир нь хүүхдүүд хүнсний ногоо тариалах үйл явцад оролцдог.
Бид энэ үйл явцыг практик сургалтын хөтөлбөртөө багтаасан" хэмээн захирал багш нэмж тайлбарлав.

Дээр дурдагдсан ажлууд нь Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн “Монгол ногоо” төслийн хот, суурин газрын хүнсний ногооны тариалалт, хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хэрэгжсэн бөгөөд 5 дүүрэг, 9 аймагт тус бүр дунджаар 15 өрх бүхий 30 “жишиг гудамж”-ийг бий болгож, энэ үйл ажиллагаа нь өрхийн тариалалтын ур чадвар болтлоо өөрчлөгдөн, сайжирч байна.

Тариалалтын усан хангамжийн ач холбогдлыг харуулах зорилгоор анх гаргасан худаг, цооногуудад шаардагдах хөрөнгийг төсөл эхлээд дааж байсан хэдий ч аажимдаа орон нутгийн төр захиргааны байгууллагууд өөрсдийн аймаг, дүүрэгтээ хариуцан ажилладаг болсон.  Төслийн хамтрагч талууд болох “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбоо” ТББ болон “Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран хэд хэдэн аймагт цэцэрлэгжүүлэлтийн гудамж байгуулах тендерт шалгараад байна.

Швейцарын хөгжлийн агентлаг нь “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбоо” ТББ болон “Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ийн эдгээр амжилтуудаар маш их бахархаж байна.

Та энэ гайхалтай чиг хандлагыг олон нийтэд мэдээлж, үүнийг хэрхэн хийдгийг хүн бүрт харуулахыг хүсвэл цааш нь түгээгээрэй.

Цэцэрлэг, талбайд ямар ч ногоон ургамал ургахгүй бол ирээдүй хачирхалтай, гунигтай, бүрхэг харагдах нь тодорхой биз дээ? Тийм биш гэж үү?

Дэлгэрэнгүйг Монгол Ногоо төслөөс