Тогтвортой бичил уурхай төсөл

Дууссан
Алтны судал дагаж өрөмдөж байгаа нь. © SDC SDC

Бичил уурхайн салбар нь орон нутгийн иргэд амьжиргаагаа залгуулахад нэн чухал холбогдолтой бөгөөд  энэ салбарт хэрэгжиж буй “Тогтвортой бичил уурхай төсөл” (TБУТ)-ийн IV үе шатны хэрэгжилтийн үр шимийг бичил уурхай бүхий сумдын 230,000 гаруй иргэд хүртэж байна. Төслийн энэ шатанд ТБУТ нь (I) бичил уурхайд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, (II) алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад дэмжлэг үзүүлэх, (III) бичил уурхайн олон улсын мэдлэгийн төв байгуулахад анхаарч ажиллана.

Улс / бүс нутаг Сэдэв Хугацаа Төсөв
Монгол улс
Governance
Human rights
Mineral mining policy
Хүний эрх (Эмэгтэйчүүдийн эрх)-ийг хамгаалах
01.01.2015 - 31.12.2019
шв.франк  6’342’889

21-р зууны эхэнд Монголчууд алтны хойноос хошуурах болсон Монголын улс төр, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотойгоор улс орны хэмжээнд ажилгүйдэл улам бүр газар авч, үүний зэрэгцээ 1999-2002 оны хооронд гурван жил дараалан болсон ган, зуднаас үүдэн мал сүрэг ихээр хорогдож, олон малчид амь зуулгаа залгуулахын тулд ашигт малтмал олборлож эхэлсэн билээ. Алтны үнэ өсөхийн хэрээр хүдрийн судал даган олборлолт явуулах иргэд ч нэмэгдсээр, удалгүй хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн тоо 100,000 буюу хөдөөгийн ажиллах хүчний 20 орчим хувьд хүрсэн юм.

Хувиараа алт олборлогч иргэд, тэдний нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хяналтаас гарч эхэлсэн энэ үед Монгол, Швейцарийн Засгийн газар хамтран “Тогтвортой бичил уурхай” төсөл (ТБУТ)-ийг 2005 онд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Бичил уурхайг хуульчлах, албажуулах үйл явц

Олон хүний сэтгэхүйд 100,000 хүн байгаль орчныг үл хайхран, газар ухаж албан бусаар олборлолт явуулж байгаагаас байгаль орчин, монголчуудын уламжлалт зан заншилд аюул нүүрэлж байна гэсэн ойлголт гүн суусан байв. Хувиараа алт олборлогч иргэд болон тэдний гэр бүлийн хүмүүсийг гэмт хэрэгтнүүд мэтээр харж, тэднийг ялгаварлан гадуурхах нь улам бүр нэмэгдэх болсон.

Байгаль орчны улсын байцаагчид заримынх нь тоног төхөөрөмжийг нь хураан авч, оронд нь төлбөр нэхэх, зарим хэсэг нь том уурхайн компаниудын хамгаалалтын албаныханд зодуулж байв. Эдгээр зөрчил тэмцлийг бууруулах, асуудлыг шийдэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг тогтвортой бичил уурхайн үзэл баримтлалыг олон нийтэд таниулж, хариуцлагатай, албан ёсны алтны олборлолт явуулдаг болгоход бүхий л хүчин чармайлтаа тавьсан.

2010 онд ТБУТ-өөс бичил уурхай эрхлэгчдэд хандсан уриалга гарсаны дараа Монгол Улсын Их Хурлаас түр журмаар зохицуулагдаж байсан бичил уурхайн үйл ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлсэнээр Монгол Улс анх удаа бичил уурхайчдад хууль ёсны хамгааллыг бий болгож өгсөн билээ.

Бичил уурхайчид албан ёсны бүртгэлтэй болсноор татвараа төлдөг болж, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртэх боломжтой болсон. Бичил уурхайн зориулалттай газар эзэмших эрхтэй болсноор тэдний оруулсан хөрөнгө оруулалт нь илүү баталгаатай болж, техник технологио сайжруулж, ажлын байрны аюулгүй ажиллагааг сайжруулах арга хэмжээг авч эхэлсэн.

Энэ бүгд нь эцэстээ бичил уурхайчдын эрүүл мэндийг сайжруулж, осол аваарийн тоог бууруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, амьжиргааг баталгаажуулах юм. Түүнчлэн бичил уурхайн олборлолт явуулахаар олгосон газруудад тэд хүлээсэн үүргийнхээ хүрээнд нөхөн сэргээлт хийж ирсэн нь орчны хөрс, усны бохирдлыг нэлээд бууруулсан.  

Мөнгөн усыг орлуулах технологийн шийдлийг нэвтрүүлэв

Бичил уурхайтай холбоотой байгаль, хүрээлэн буй орчинд тулгарч буй гол бэрхшээлийн нэг бол хүдрээс алт ялгаж авахдаа мөнгөн ус хэрэглэдэг аргачлал юм. Энэ аргачлал нь өртөг зардал багатайн дээр хэрэглэхэд хялбар болохоор нэлээд нийтлэг хэрэглэгддэг байна. Монгол Улсын Засгийн газар 2008 онд мөнгөн ус хэрэглэхийг хориглосон шийдвэр гэнэт гаргасан нь бичил уурхайчдад хүндээр туссан бөгөөд улмаар тэд хууль бусаар ажиллах эсвэл ажилгүй болоход хүрсэн.

ТБУТ уул уурхайн асуудал хариуцсан төрийн байгууллага болон орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилласны үр дүнд мөнгөн усгүйгээр хүдэр боловсруулах технологийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, улмаар мөнгөн усгүйгээр хүдэр боловсруулах туршилтын цехийг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй барьж байгууллаа. 

Бичил уурхайчдын чадавхийг бэхжүүлэв

Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг албажуулснаар тэд хууль эрх зүй, нийгэм, байгаль орчны шаардлагуудыг дагаж мөрдөх эрмэлзэлтэй болж, улмаар зохион байгуулалтанд орох, ажлын байрны аюулгүй байдлаа хангах чадвар, арга барилаа хөгжүүлж, чадваржиж байна. ТБУТ тэдэнд дэмжлэг үзүүлж ирснээр бичил уурхай эрхлэгчдийн чадавх сайжирч зохион байгуулалттайгаар өөрсдийн эрхийг шаарддаг болсон байна.

Үүний зэрэгцээ ТБУТ тогтвортой бичил уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох олон улсын платформыг бий болгохын төлөө ажиллаж байна. Мэдлэгийн олон улсын төв бий болгосноор янз бүрийн түвшний бичил уурхайчдад хоорондоо харилцах, өөрсдийн мэдлэг, туршлага, сайн практик арга ажиллагаа, ололт амжилт, гаргасан шийдлээ харилцан хуваалцах боломж олгох юм.   

Тогтвортой бичил уурхайн олборлолт нь ядуу иргэд болон хойч үеийнхэнд ашигт малтмалыг хүрээлэн буй орчинд ямар нэг сөрөг нөлөөгүйгээр амьжиргааны хэрэгсэл болгох боломж олгоно. Өнөөдрийн байдлаар 7,000 гаруй бичил уурхай эрхлэгчид ТБУТ-өөс шууд ашиг хүртээд байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016-06-21